Төгсгөлийн мэдрэмж [Жулиан Барнс]
Сэтгэл зүйн хүнд төрөлдөө орж мэдэхээр энэхүү зохиол нь уншсан хүн бүртээ асуулт үлдээж байгаа нь дамжиггүй. Яахав юмыг хүндээр биш, хөнгөн маягаар хүлээж авах нь өөрт амар гэсэн хандлагатай бишгүй олон таарч л явсан. Гэхдээ хүн өөрөөсөө, тэр тусмаа өөрийн бодлоос зугтаах, тойрч гарах боломж математикийн магадлалаар 0.001% магадгүй түүнээс ч бага байж мэдэх юм. Гэхдээ нэг арга байж болох нь Адрианы хэрэглэсэн арга байж мэдэх юм.
Номыг “Төгсгөлийн мэдрэмж” хэмээн нэрлэсэн нь Адрианы амиа хорлолт болон түүний шалтгааныг нэхэн сурвалжлах Тонигийн бодрол, таамаглалаас үүдэлтэй байх. Түүнээс ч өмнө сургуулийн дунд ангид байхад өрнөсөн бас нэгэн амиа хорлолтын талаарх тэдний бодол мэдрэмжүүд бас хамаатай ч байж болно.
Хүн бүр их, бага хэмжээгээр эвдэрсэн байдаг. Зарим хүн эвдрэл согогоо хүлээн зөвшөөрөөд, анагаах гэж хичээдэг; зарим нь өөртэйгөө ижил зовлонтой хүмүүст туслахын төлөө нэгэн насны амьдралаа зориулдаг; үлдсэн нь харин өөрийгөө ахин зовоож, шархлуулахгүйн төлөө ямар ч үнээр хамаагүй тэмцдэг.
Ихэнх тохиолдолд амьдрал дээр бид аливаа болсон явдал хийгээд үзэгдэлд өөрсдийн таамаг, сэжиг сэлтийг яг л дэргэд нь байсан юм шиг дүгнэн бурах нь тун элбэг. Тэрхэн үйл явдлаас өмнө тухайн хүний дотоод мэдрэмжинд юу тохиолдсон, өмнөх өдөр нь юу болсон, юу бодож байснаас нь эхлээд эцэстээ бодит үнэнийг мэдэх боломжгүй. Яг л хэн нэгний зохиосон худал түүхийн номоор тархи угааж, бүр сэдэвлэн кино хүртэл бүтээж орхино.
Бүр нарийн яривал бид өөрсдөө ч үнэн гэж бодон, нүглээ наминчлах мэт хэн нэгэнд ярих өнгөрсөнд болсон үйл явдлууд маань ч яг таг буух нь юу л бол. Тони өөрийн залуудаа бичиж байсан захианы хуулбараа Вероникагаас хүлээн авч дахин уншаад гүн шоконд ордог хэсэг туйлын бодитой санагдсан. Өөрийгөө ч танихын аргагүй тийм их өөрчлөгдсөн гэдгээ тэгэхэд ойлгосон биз. Ам алдвал барьж болдоггүйн адилаар маш төвөгтэй нөхцөл байдалд орсноо Тони нэгэнт ойлгоод юуг ч өөрчлөх боломжгүйгээ, яг тэр өөрчлөх боломжгүй сэтгэл хөндүүрлэх зовиурт мэдрэмжээ сэтгэлийн тарчлаан (цөхрөл) хэмээнэ.
“Амьдрал бол асууж гуйгаагүй байхад минь өгсөн бэлэг юм. Ухаан санаандаа эзэн болж, бодож сэтгэдэг хэн ч болов амьдралын мөн чанар, түүнийг дагаж ирдэг нөхцөл байдлыг эргэцүүлэх философийн үүрэгтэй билээ. Хэрэв асуугаагүй байхад нь өгсөн бэлгийг буцаахаар шийдэх аваас гаргасан шийдвэрийнхээ дагуу үйлдэх нь хүмүүний ёс зүйн үүрэг юм. QED (баталж үзүүлэв гэсэн тэмдэглэгээ)”
— Адриан амиа хорлохдоо үлдээсэн гэрээслэлээс
Элсэн цагийн элсэнд өөрийн өнгөрсөнд болсон алдаа, оноог нуувч элсэн цагийн эргэх мөчлөг нь хорвоогийн жам хойно, элсэн дор нуусан бүхэн эргэн толгой дээр бороо мэт асгарах нь эргэлзээгүй. Үүнийг л зохиолч үйлийн хуримтлал гэсэн биз.
Яахын аргагүй сайн бичсэн ном гэдэгт маргахгүй байгаа бөгөөд уншигч миний зүгээс 9/10 оноог өгч байна.