Уур бухимдал 1
Өөрт оноогдсон өчүүхэн энэхэн хормын амьдралдаа юуны төлөө би ингэтлээ их бухимдаж уурлана вэ? Уур хаанаас ингэж ихээр булгиулан гарч ирнэ вэ? Зэнгийн хоосон завь хэмээх түүх уурын мөн чанарыг маш гоё тодоор гаргаж ирдэг. Нам гүм нуурын дунд завин дээрээ нүдээ анин бясалгаж явсан Зэнгийн нэгэн их багшийг өөр нэг завь ирээд мөргөдөг. Үүнд ихэд уурсан босож ирээд хэрүүл хийх гэтэл мөнөөх завь нь хүнгүй хоосон завь байж таардаг. Ингээд нөгөө их уур бухимдал очих хаяггүй хоцорч, тэр үед их багш өөрийн дотоод руу аялан төврүүгээ хүрсэн байна. Өөрөөр хэлбэл хоосон завь түүний багш болсон. Ингээд бодохоор хотын хөдөлгөөнд оролцох жолоочоос эхлээд мянга мянган уур бухимдлын хоосон жишээг эргэн тойрноосоо өдөр тутамдаа харж болохоор. Тэр тусмаа өөрөөсөө байнга харж болдог нь бүр ч хоржоонтой.
Ганц хормын дүрс хийсэн уур бухимдлаасаа болж энэ амьдралдаа арилшгүй хар бараан толбо үлдээж байгаа олон сая тохиолдлын буухиа одоо ч тасрахгүй энэ дэлхийн хаа нэгтээ үргэлжилсээр байгаа. Илүү танин мэдэхүй талаас нь авч үзвэл уур нь сөрөг сэтгэл хөдлөл бөгөөд бүх амьд амьтанд байдаг. Оюун ухаан бол хүний амьтдаас ялгарах цор ганц давуу тал. Бусад талаараа бид амьтдаас хангалттай сул дорой. Уур бухимдал нь мунхаг тэнэг, сул дорой, айдастай байгаагийн илрэл. Ухаан тэвчээр дутсан газарт уур бухимдал ноёлох нь тодорхой. Цаашлаад уур ихтэй яваа хүний зүрх судас, бие эрхтэн, сэтгэл санааг далайд хөвөх уранхай дарвуултай, цоорхой, чиглэл залуургүй усан завьтай зүйрлэж болохоор.
Ингээд ч болов бичихээр толгой тархитай хүн байна даа, бас ганц нэг юм бодогдоод арай өөр болох болов уу. Уур бухимдлыг шууд зуршил гэж ойлгож болохгүй, гэхдээ маш олон муу зуршлыг өдөөгч сөрөг сэтгэл хөдлөл гэдэг утгаар нь үүнтэй ажиллах зарим нэг аргачлал байж болох юм. Эхлээд хүлээн зөвшөөрөхөөс эхлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл уур бухимдал маань хэтэрч, өөрийн биеийг зовоохоос гадна эргэн тойрны хүмүүст таагүй орчин, харилцааг бий болгож байгааг хүлээн зөвшөөрч байна гэх мэт. Дараагаар нь энэ уур уцаар хаанаас үүсэн гарч ирж байгааг танин мэдэх үйл явц байж болно. Үүн дээр сэтгэл хөдлөлгүйгээр уур бухимдлаа хажуугаас нь ажиглаж чадвал маш том алхам болно. Ихэнх тохиолдолд уур бухимдал маань зөвтгөх шалтгаангүй хоосон хөөрөл байдаг. Гуравт нь уурнаас болж хийсэн, гаргасан шийдвэр, үйл явдлуудаа өөрийн санаж байгаагаар бичиж ил тод гаргаж ирэх. Уурлах үйл явц яг одоод, энд явагддаг шүү дээ, гэвч шалтгаан нь яг одоо цагт байна уу? эсвэл өнгөрсөн баларсанд үүссэн айдас шархаа энд одоод авч ирээд бухимдаад байна уу? эсвэл ирээдүйд орших түгшүүр зовнилоос болоод энд одоод авч ирээд бухимдаад байна уу?
Амьдрал өрнөж л байгаа бол тэнд асуудал үргэлж зэрэгцэн оршино. Тэр бүхэнд тархиныхаа бор гадарга буюу сэтгэн бодох хэсгийг нь илүү ажиллуулж сурах юмсан. Ганцаараа энэ бүхний ард гарах хэцүү. Хэн нэгэнтэй ярилцаж, өөрийн дотор болоод байгаа бүх өөрчлөлт, зөрчил, үнэнийг ярих нь энэ бүхнийг өөрчлөхөд үлэмж тустай. Өнөөдрийн уур уцаар, бухимдлын талаарх бичвэрээ энэ хүрээд түр зогсооё. Дараа энэ талаар өөр илүү туршлагатай болохоороо үргэлжлэлийг бичнээ.