Хандлагын хүч [Жон Максвэл]
Өмнө уншсан Зарчим (Рэй Далио) номд зарчим нь зан чанараас дээгүүр тавигдах талаар өгүүлсэн. Одоо тэгвэл хандлагыг бүрдүүлэгч хамгийн том хүчин зүйл нь зан чанар болж таарлаа. Азаар хэн ч бай өөрийн зан чанарыг даван дийлэх боломжтой хэмээжээ.
“Хүмүүсийн хооронд өчүүхэн ялгаа байдаг. Энэхүү өчүүхэн ялгаа нь том ялгааг үүсгэдэг. Өчүүхэн ялгаа нь хандлага бол, том ялгаа нь хандлага өөдрөг байх эсэхээс шалтгаалж бий болдог.”
– Клемент Стөүн, Буяны үйлстэн зохиолч
Тэгэхлээр өнөөдрийг хүртэлх миний хандлагыг миний төрж өссөн орчин, эцэг эх, найз нөхдийн маань харилцаа, тэр ч бүү хэл хэн нэгний хэлсэн мартагдахааргүй ганц үг, гол нь би өөрийгөө юу гэж боддог бодол хүртэл бүрдүүлж иржээ.
“Өөртөө ямар шошго зүүснээ ажигла. Өөртөө зүүсэн шошгоос шалтгаалан бид тогтсон хязгаар дотор өөрийгөө хорьж орхидог.”
– Двэйн Дайер
Магадгүй энэ хүртэлх амьдралдаа сэтгэл дундуур байгаа бол, цаашид өөрчлөхийг хүсвэл яагаад хандлагаа өөрчлөхөөс эхэлж болохгүй гэж! Гэхдээ хандагаар өөрчилж, орлуулж болдоггүй хэд хэдэн зүйл байдгийг анхаарах хэрэгтэй. Ур чадвар, туршлага хоёрыг хандлагаар орлох боломжгүй. Харин ур чадвар, туршлагаа нэмэгдүүлэхийн тулд итгэл тэвчээртэй, тууштай, дайчин байж зорьсондоо хүрдэг. Энэ бүх хөгжлийн процесс явцад тань хандлага тун их нөлөөлөх нь гарцаагүй.
“Туршлагатай хүн мөнгөтэй хүнтэй уулзвал туршлагатай хүн мөнгө авч, мөнгөтэй хүн туршлагатай болдог.”
– Эртний үг
Үнэнийг хандлагаар өөрчлөх боломжгүй. Энэ талаар Америк эмэгтэй зохиолч Маяа Анжело: “Та дургүй зүйлээ өөрчлөхийг хичээ. Харин өөрчлөх боломжгүй бол гомдоллохоо болиод, хандлагаа өөрчил.” хэмээн тун оновчтой хэлжээ.
Хандлагаа бид сонгодог. Амьдрал бол надад тохиолдсон зүйлээс 10 хувь, түүнд хариулах миний хариу үйлдэл болох 90 хувиас бүрддэг. Өөрийнхөө хандлагыг хариуцах ёстой хүн нь зөвхөн та өөрөө. Өөрөөр хэлбэл хандлага гадаад хүчин зүйлээс үүсдэггүй, харин бидний дотор бүрддэг. Ялалтын хамгийн эхний дүрэм бол өөрийгөө хуурахгүй байх явдал. Хандлагаа хариуцахгүй байх нь өөрийгөө хуурахтай адил. Хандлагадаа хариуцлагатай байна гэдэг нь амьдрах аргыг таны хандлага өөрчилнө гэдгийг ухаарч, өдөр болгон хандлагаа зохицуулж, өөдрөг бодол санаа ба зуршилтай болон хөгжүүлэхийг хэлнэ.
Хүмүүсийн бодол санаа маш удаан өөрчлөгддөг. Хөгжихийн тулд заавал өөрчлөгдөх хэрэгтэй. Өсөлт нь өөрчлөлтийг шаарддаг. Өөрчлөлт хийх нь амар байсан бол хүн бүр л хурдан өөрчлөгдөх байсан биз. Ямар сайндаа Марк Твэйн: “Өөрчлөлтөнд зөвхөн өлгийтэй хүүхэд дуртай байдаг.” гэж хэлэхэв.
Өөдрөг бодол санаа нь асуудлыг бодох арга бөгөөд хүсэл эрмэлзэл нь асуудлыг мэдрэх арга юм. Энэ хоёр нийлснээр асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг шийднэ. Сүүлийн үед хүмүүс хандлагын энэхүү ялгааг тун гярхай анзаарч эхэлсний тод жишээ нь: “Балиар өөдрөг бай” уриатай залуусын нэгдэл нь “Балиар өөдрөг” подкаст, уулзалтуудаас харж болно. Цаашлаад мөн “Хандлагаа Өөрчилье” нэрээр залуучуудад аливаад хандах хандлагыг эерэг талаас нь тогтмол нөлөөлдөг болгох зорилготой байгууллага хүртэл байгуулагдаад үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Хүний хандлагад саад болдог дараах 5 зүйл байдаг аж.
ГУТРАЛ Хүн бүрт л тохиолддог үзэгдэл гэж хэлж болно. Зарим эх сурвалж дээр гутралыг эргэлтийн цэг, ёроолдоо хүрэх гэх мэтээр тодорхойлсон байдаг.
ӨӨРЧЛӨЛТ Маш олон шалтгаанаас болж хүмүүс аливаа өөрчлөлтөнд хойрго хандахаас эхлээд бүр айж түгшин хүлээж авдаг. Өөрчлөлт хувьслын талаар Зарчим номонд бичсэн дараах тодорхойлолт надад тун гүнзгий сэтгэгдэл үлдээснийг тантай хуваалцмаар байна. Хувьсал (өөрчлөлт) бол ертөнц дээрх хамгийн агуу бөгөөд цорын ганц, тогтмол, бүхнийг зохицуулагч хүч юм.
АСУУДАЛ Амьдралын салшгүй нэг хэсэг гэж хэлж болно. Асуудлыг хэрхэн хүлээн авч буйгаар нь хүмүүсийг гурав ангилдаг гэсэн байна. 1. Асуудлыг огт олж харахыг хүсдэггүй, 2. Асуудлыг олж харсан ч надад хамаагүй гэж боддог, 3. Асуудлыг олж хараад түүнийг шийддэг. Мэдээж гурав дах хандлагатай байж чадвал боломжууд ар араасаа ундраад л байна даа.
АЙДАС Хаа нэгтээ “Айдас бол ногооны талбайд байршуулсан мануухайнаас өөрцгүй” гэж бичиж байсан нь тун оновчтой тодорхойлолт шиг санагддаг. Айдаст баригдсан хүмүүс үргэлж аюулгүй байхыг хүсдэг. Аюулгүй байдалд байгаа хүн өөрийнхөө нөөц бололцоог хэзээ ч олж харахгүй. Айж байгаагаа хүлээн зөвшөөрөх нь айдсаас салах эхний алхам.
БҮТЭЛГҮЙТЭЛ Монгол хэлний их тайлбар толинд “Эр хүн долоо дордож, найм сэхэх” гэдэг үгийг амьдралд юу ч тохиолдож болно, гагцхүү зорьсон хэргийнхээ төлөө шантрахгүйгээр тууштай тэмцэх хэрэгтэй гэж тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл том амжилтуудын ард том том бүтэлгүйтлүүд нуугдаж байдаг. Fuckup Nights Ulaanbaatar (Fuckup Nights гэдэг нь энтрепренерүүдийн өөрийн карьер, бизнес, аливаа нэг төслийн уналт, бүтэлгүйтэл, түүнээс авсан сургамжийн тухай чин сэтгэлээсээ, үнэн бодитоор ярьдаг цуврал үйл ажиллагаа юм.) нэртэй шоу нэвтрүүлгээс алдар нэр, амжилтад хүрсэн эрхмүүдийн уналт бүтэлгүйтлүүдийн түүхүүдийг сонсож болно.
Эцэст нь хэлэхэд хандлагаа өөрчлөх талаар бодож байгаагүй нь бодож, бодсон нэг нь үйл хэрэг болгож, үйл хэрэг болгосон нэг нь туршлагаа бусаддаа түгээн дэлгэрүүлж байх болтугай.