Харизм [Оливиа Фокс Кабэйн]

Erdem Nomt
2 min readNov 16, 2022

--

Энэ номыг унших (бишээ сонсох) хүртэл үнэндээ харизм гэгч юу болох талаар төсөөлөл байсангүй. Mplus app дээр 3 ном нэг сарын хугацаанд сонсох, унших эрх бэлгэнд аваад анх удаа аудио ном сонсож үзлээ. Уншихаас арай өөр мэдрэмж бөгөөд харизмтай хүнд зайлшгүй байх сонсох чадвар шаардаж байна шүү :)

Хүүгээ цэцэрлэгт хүрээлэнд салхилуулах үедээ аудио номын тэмдэглэлдээ зориулан зургийг даржээ. Эхнэрийн гарыг оролцуулж зургийг амь оруулав. CU-гийн GET Coffee.

Бидний сайн мэдэх Билл Клинтон, Уинстон Черчель, Майкл Жордан, Элон Маск, Стив Жобс, Билл Гэйтс, Далай лам бүр цаашлаад Адольф Гитлер хүртэл харизмтай хүмүүс байжээ. Өөрөөр хэлбэл бусдад нөлөөлж, бусдыг өөртөө татах чадвартай эдгээр хүмүүс харизмд суралцаж байсан эсэхийг мэдэхгүй ч хэрэв бид хүсвэл харизмтай байхад суралцах боломжтойг энэ номноос унших (сонсох) болно. Харизм бол эзэмшиж болох чадвар юм.

Анхаарлаа бүрэн хандуулах, хүчирхэг байх, халуун дотно мэдрэмж төрүүлэх гэсэн гурван ойлголт нь харизмтай байлгах гол хүчин зүйлс болдог аж.

Харизмтай байхад суралцахад төсөөлөн бодох чадвар маш их чухал хэрэгтэй. Сөрөг бодлоосоо аль болох хурдан ангижирч байх, өөртөө нигүүлсэнгүй, бусдад энэрэнгүй хандаж эелдэг байх, сэтгэл санаагаа зөв байлгах, бусадтай зөв гар барих цаашлаад өмссөн хувцаслалт ч мөн харизмд нөлөөлдөг байна. Бусдад үлдээсэн анхны сэтгэгдэл бас чухал аж.

АНХНЫ СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ ХОЁР ДАХЬ БОЛОМЖ ҮГҮЙ.

Харизмтай хүмүүс тун гарамгай илтгэгчид байдаг. Тэд халуун дотно мэдрэмж төрүүлэхээр инээмсэглэн тод цэгцтэй сандралгүй тайван ярих чадварыг эзэмшсэн байдаг.

Биеийн хэлэмжээр өөртөө итгэлтэй байхад туслах 7 алхам

  1. Саадгүй амьсгалж байх, бие барьсан хувцас өмсөхгүй байх
  2. Босож зогсоод биеэ сэгсэр
  3. Хөлдөө зай аваад бат зогс
  4. Хурууныхаа үзүүрээр таазанд хүрэх гэж буй мэт сунгах
  5. Хажуугийн ханаруугаа хүрэх гэж буй мэт хоёр гараа сунгаарай
  6. Гараа хажуудаа сул аваад мөрөө урагш хойш эргүүлээрэй
  7. Том зай эзэл, аль болох том зай эзлэн зогсоод цээж дүүрэн амьсгалаарай

Бусдын орон зайг үргэлж хүндэтгэж харьцах, бусдын таньд хүргэсэн тусыг өөрт нь үргэлж хэлж мэдрүүлснээр тэр хүнд таатай байхаас гадна таньд илүү хандаж эхэлдэг. Хэрэв бусдад таагүй мэдээ дуулгах гэж байгаа бол орчин нөхцөл, өнөөдрийн уур амьсгалаа сайн бодолцоорой.

Уурлах нь удаан үйлчилгээтэй хорыг бага хэмжээгээр уухтай адил хүний цусны даралтыг нэмэгдүүлж, артерийн судсыг гэмтээж, холестринтой өөхөн эсийг нэмдэг.

Эцэст нь дүгнээд хэлэхэд харизмтай байх нь хэнд юунд хэрэгтэй гэж?

Бидний амьдралыг үзэх үзэл, амьдрах хэв маяг харилцан адилгүй. Гэсэн хэдий ч хүн бүр аз жаргалтай, сайн сайхан амьдралыг хүсэн мөрөөдөж, түүнд тэмүүлж байдаг. Миний дотроо битүүхэн бодож явдаг нэг хүсэл байдаг нь бусдад өөрийгөө олоход нь туслах явдал юм.

Яг одоо байгаа би хэр олон хүнд жинхэнэ өөрийгөө олоход нь туслах боломжтой бол? Харин харизмтай хүний нэг супер илтгэл хэдэн хүний дотор гэрэл асаах бол?

ХЭРЭВ ТА ХЭН НЭГЭНД ЗОРИУЛЖ ДЭНЛҮҮ АСААВАЛ ЭНЭ НЬ ТАНЫ ЗАМЫГ Ч МӨН АДИЛ ГЭРЭЛТҮҮЛЭХ БОЛНО.

Будда

--

--

Erdem Nomt
Erdem Nomt

Written by Erdem Nomt

strong humble disciplined persistent

No responses yet