Энтрепренер гараагаа эхэл [Володъя Баярсайхан]

Erdem Nomt
3 min readDec 13, 2022

--

Санаанаас сая долларын стартап номын үргэлжлэл болох энэ номоороо Баярсайхан бусдад санаа болгох үүднээс өөрөө сонгон, өдөр тутмын амьдралд тулгамддаг асуудлуудаас урган гарсан 75 стартап бизнес санааг дэлгэрүүлж бичжээ. Тэрээр шинээр эхэлж байгаа стартапуудад хэдэн зүйлсийг давтан давтан хэлснээс гурван зүйлийг нь онцлон тэмдэглэвэл:

  1. Хэрвээ чи үнэхээр сая долларын стартаптай болмоор байвал чамаас өөр өнцгөөс харж чаддаг хүнийг хамтрагчаараа сонгох хэрэгтэй.
  2. Стартапаа үүсгэн байгуулах талаар бодож эхэлсэн цагаасаа л 10X (арав дахин) зарчмыг байнга санаж явах хэрэгтэй. Үүнийг өөрөөр Unique Value Proposition буюу ялгарах чанар, өрсөлдөх чадвар зэргээр нэрлэж болно.
  3. Шууд эцсийн төгс бүтээгдэхүүн гаргах бодлоо хаяад санаагаа хамгийн энгийн байдлаар туршиж үзэх
Ажлын ширээнд номын тэмдэглэлд зориулсан зураг авчээ.

Номын зохиолч маань хүмүүст жишээ болгон танилцуулсан санаануудаа хуулбарлахыг хориглоогүй, харин ч дэлгэрүүлээд хөгжүүлээд явбал тун баяртайгаар өөрийн зүгээс туслах болно гэдгээ хэлсэн. Гол өгөх гэсэн мэссэж нь бидний дотор ч гэсэн байнга эргэлдэж байдаг элдэв хачин санаануудаа тэмдэглэж аваад, цааш хөгжүүлэн судалж эхлэх үед огт санаанд орохооргүй, анхны бодож байснаас тэс өөр бүтээгдэхүүн үйлчилгээ бий болдог аж.

Жишээ нь би номыг уншиж байх зуур нэгэн сонин санаа төрсөн нь: Таны амьдарч байгаа байрны сууц өмчлөгчдийн холбоо танаас Монгол Улсын засгийн газар шиг төлбөр авахгүй, дээрээс нь та бүхэнд сар бүр тодорхой төлбөр төлдөг болвол ямар вэ? Тэгвэл энэ санаагаа арай дэлгэрүүлэх гээд үзье. Улаанбаатар хотод байгаа хуучны орос ах нарын барьж өгсөн угсармал 9 давхарууд (байршил: 1-р хороолол, 3,4-р хороолол, 10-р хороолол, 11-р хороолол, 13-р хороолол, сансар) орцондоо хогийн пункер нь байрладаг учраас дээшээ нэвт хогийн муудсан үнэр үнэртдэгийг оршин суугчид бүгд мэднэ. Түүнээс гадна тухайн хогийн савны хэсэгт гаднаас хүмүүс орж ирэн бие засахаас эхлээд тун асуудалтай байдаг шүү дээ. Харин сүүлийн үед баригдаж байгаа орон сууцнууд хогийн цэгээ дандаа байрнаасаа зайтай хийх болсон. Үүний адилаар хуучин угсармалуудын хогийн цэгийг орцноос нь салгаж, тусдаа ангилдаг хогийн цэг байгуулан, харин хуучин хогийн пункерт зориулан хийгдсэн лифтний арын хэсгийг агуулах маягаар тохижуулан түрээслэх юм. Өнөөдрийн Улаанбаатар хотын их түгжрэл нь тээвэр ложистик, хүргэлт, агуулахын бизнес эрхлэгчдийн толгойны өвчин болсон. Тэгвэл олон байршилд тархсан байдалтай өөрийн жижиг агуулахуудтай болвол, шөнийн цагаар бараа түгээлтээ байршуулаад, өдөр нь тухайн бүсийг хариуцсан хүргэлтийн ажилчид нь ойрын зайнд хүргэлтээ цаг алдахгүй хийх боломжтой болно. Үүнээс гадна угсармалын нэг орцны 9 давхар гэж тооцохоор агуулахын багтаамж чамлахааргүй том болно. Харин тухайн орцны оршин суугчид хогоо гадагш гаргаж хаядаг болсноор орцонд хог үнэртэхээ болих, цаашлаад хуучин хогийн цэгээ агуулахаар түрээслүүлснээр сар бүрийн СӨХ-ийн төлбөрөөс чөлөөлөгдөх, орцны тохижилт, аюулгүй байдал сайжрах зэрэг давуу тал үүсэх боломжтой. Энэ санааг илүү дэлгэрүүлээд юу ч болгох боломжтой. Энэ санааг туршаад нэг орцонд хэрэгжүүлж үзэхээс эхэлж болно. Оршин суугчидтай уулзах, өөрийн санаагаа танилцуулах, агуулах түрээслэх эхний байгууллагаа олох, тухайн орцны тохижилт, оршин суугчдын шинэ хогийн цэг гээд энэ бүх асуудлыг шийдэж ард нь гарах л энтрепренёр хүний бусдаас ялгарах онцлог байхдаа

Ингээд номын зохиолчийн санаануудыг миний дээрх гаргасан санааны адилаар дэлгэрүүлж харахыг хүсвэл мэдээж номоо худалдан авч уншаарай.

Өөр гадны олон сайтууд дээр бизнес санаа болон бизнес төлөвлөгөөг гаргаж өгдөг үйлчилгээнүүд байдаг. Интернэтэд бүх зүйл үнэгүй биш, гэхдээ ихэнх санаа үнэгүй байдаг

--

--

Erdem Nomt
Erdem Nomt

Written by Erdem Nomt

strong humble disciplined persistent

No responses yet