Өнчин цагаан ботго [Дашийн Оюунчимэг]

Erdem Nomt
3 min readJan 1, 2025

--

Энэ номыг анх хараад хүүхдийн ном гээд өнгөрөөх байсан. Гэхдээ ямар азаар унших хувь тохиов. Сайндаа ч биш хүүхдүүдээ унтуулах үед үлгэр ярьж өг гээд, ярих юм олдохгүй элдвийг зохиож ярьдаг болохоор нэг ч гэсэн үлгэр сураад авах санаатай уншиж эхлэв. Гэтэл юу вэ? Том хүмүүс ч унших хэрэгтэй ном болж таарах нь тэр.

Шинэ оны терамисү торт ба аяга халуун кофетой

Бидний өнөөдрийн бүтээсэн ертөнц үр хүүхдүүдийн маань эсрэг байна уу даа. Хүүхдэд ээлтэй орчин, хүүхдийг сонсох хүн, байгууллага битгий хэл эцэг эх ч ховордсон юм уу даа. Хүүхдийн бяцхан ертөнцийг ойлгож, хүндэтгэн харьцах талаарх ойлголтыг харамсалтай ч би лав сүүлийн үед л мэдэж авч байна. Өөрөө хүүхэд байгаагүй юм шиг яагаад энэ бүхнээс ийм хол хөндий байдгийг бүү мэд. Энэ талаарх ойлголтын үндэс суурь нь хүнд яаж суудаг юм бол? Маш товчоор хэлэхэд энэ ойлголт хайраас бий болдог байх нь.

Үлгэрийн гол баатар болох Бүүвэй хүү Сариг цагаан ботгоныхоо араас эрэлд яваад цасан шуурганд ор сураггүй алга болно. Хүүд санаа нь зовсон нутгийн ард, багийн дарга, хэрэгт дурлах хүмүүс гээд цугларсан олон ам булаалдан зөв бурууг хэлэлцэх үйл явдлыг уншихад яг л өнөөгийн манай нийгэмд тулгарсан аюулыг тод харуулж чаджээ. Бид хүүхэд алга болсон, бусдын хүчирхийлэлд өртөж буй тухай мэдээллийг маш аймшигтай ичгүүр сонжуургүйгээр шүүн тунгааж, ам булаалдан өөрсдийн өчүүхэн эмоцоор дэвэргэж орхиод, тун удалгүй усанд хаясан чулуу шиг тэр асуудлыг огт байгаагүй юм шиг мартаж орхидог.

Зургийг Turuu illustrator хуудаснаас авч ашиглав.

Өнөөгийн бидэнд хүн хүнээ гэх хайр, байгаль дэлхийтэйгээ зөв харьцах арга ухаан хийгээд Монгол ахуйгаасаа холдож хөндийрөх тусам хүн чанар улам муудаад байх шиг.

Энэ номыг хүмүүс хуучны Монгол ардын үлгэр болох “Өнчин цагаан ботго”-той андуурдаг байж магадгүй гэсэн бодол төрлөө. Тэр үлгэрээс агуулга утга санааны хувьд өөр бөгөөд одоо цагийн хүмүүст илүү ойртуулах байдлаар зохиолч маань бичжээ.

Зургийг Turuu illustrator хуудаснаас авч ашиглав.

“Чиний амьдрал хүний сэтгэлийн гадна оршдог өөр ямар ч эрдэнэстэй зүйрлэхийн аргагүй тийм нандин зүйл. Хүмүүс ийм асар ховор, нэн үнэт хувь заяагаа үл тоож, даанч дорд, дэндүү ядуу өнгөрүүлэх юм даа… алт бол хүмүүсийг баян болгодог зүйл биш, газар ээжийн эрчим дамжуулагч судас юм шүү дээ. Алт хүмүүс та нарт ямар ч хэрэггүй, зөвхөн байгальд хэрэгтэй. Та нарын баян ядууг хэмждэг жинхэнэ эрдэнэ зүрхэнд чинь бий.”

— Талын хатан

Хүүхдийн дотоод ертөнц, түүни уран сэтгэмжүүдийг ийм л байдаг байх гэмээр зохиолч маань гайхалтай дүрслэн харуулж гаргаж ирж чаджээ. Цасны охид, жавар өвгөн, талын хатан, удган чоно гээд л түүний дотоод ертөнцөд ганц нэвтэрч чаддаг байсан хөгшин эмээгийн л ойлгож мэдэх дүрслэл үлгэр, домог туульс энд амилах нь хичнээн гоё вэ? Энэ бүх үйл явдлуудыг өөрийн гайхалтай зургуудаар амь оруулсан зураач Батбаярын Төрмөнх (Turuu illustrator) бүтээлүүдийг авч хүүхдүүддээ заавал үзүүлэх юм шүү. Дараагийн унших номын жагсаалтад маань Номын жор IV багтлаа. Учир нь Дашийн Оюунчимэг зохиолчийн орчуулгын бүтээлүүд багтсан аж.

Заза одоо Эрдэм, Номт хоёртоо уншсан энэ гайхалтай үлгэрээ хэдэн өдөр ярьж өгөхөөр бүр өөрийн болгочих байхаа.

--

--

Erdem Nomt
Erdem Nomt

Written by Erdem Nomt

strong humble disciplined persistent

No responses yet