Хэвтэж буй хүн [Ч.Ганжавхлан]
НЭГДҮГЭЭР ДЭВТЭР
Эмо үүрд! Жинхэнэ цэвэр цусны хольцгүй эмо хүн гэж хэнийг хэлэх вэ? Энэ асуултын хариуг номын эхний хэсгээс тодорхой авч болно. Цаашлаад эмо дээрээ хоёр нийгмийн шилжилтийн туршилтын туулай болохоос эхлээд (соц үеийн нийгмийн үлдэгдэл) ковидын үе (одоо үе) хүртэл сонголтгүйгээр жинхэнэ лабораторын хулганаас дутахааргүй элдэв төрлийн туршилтанд орсоор яваа, эцэст нь өнөөдөр орчин цагийн ханиад буюу сэтгэл гутрал хэмээх онош хэн нэгнээс сонсоход гайхах зүйл үгүй. Хэрэв таны эргэн тойронд ийм хэвтэж буй хүн тааралдвал тоглоом шоглоом болгож адлалгүй, хамгийн сайн сонсогч нь байхад л болно. Экхарт Толлын Одоо цагийн хүч номд үүнийг маш гоё хэлсэн байдаг.
“Хүний яриаг сонсох үедээ зөвхөн ухаанаар бус, бүх биеэрээ сонсож бай. Ийнхүү та нөгөө хүндээ орших орон зай өгч байгаа юм. Таны өгч чадах хамгийн үнэтэй бэлэг бол энэ.”
90-ээд оны дунд үе байх нь, бага ангийн багш маань өглөө нь бид нарт хичээлээ заахын хажуугаар өдөр нь нөхөртэйгөө нарантуул зах дээр жийнс зардаг байсан үе гэдэг чинь одоогоос бараг 30 жилийн тэртээ юмуу даа. Гэтэл өнөөдөр бас л багш нарын маань цалин хаанаа ч хүрэхгүй хэвээр, хичээл заахын хажуугаар 1–2 сар Солонгос гарч хар ажил хийж байгаа нь нууц биш. Одоо бодоход тэр үед багш маань шавь нараасаа их л нэрэлхэж, тэрүүхэндээ санаа зовдог л байсан байхдаа. Хэвтэж буй хүн урдаас 1000 ширхэг өвлийн өвгөний малгай оруулж ирж шатаж байх үед манай эгч бас урдаас 2 гахай дүүрэн ёолкны саа чимэглэл оруулж ирээд зарагдахгүй шатаж байсан нь санаанд орчихлоо. Тэр үед тэр саануудаар гэрээ чимэглэхсэн гэдэг бодол орж ирж байсныг сая саналаа. Тэр саануудыг нээрээ яасан юм болдоо? Би яг сайн санахгүй юм :)
Энэ ч яахав. Гэтэл аль эрт хар залуудаа энэ Жак гуай чинь тэр дамын наймааг чинь туршиж үзээд, турших туршихдаа наад эрээнээс биш бүр урд хэсгээр нь хүртэл бараа таваарыг битүү судалцан, бас Монгол багш нараас өмнө тэр Солонгост чинь сурахын хажуугаар хар ажлыг хийгээд үзсэн туршлагатай хүн байжээ.
Амьдралын буруу хэв загвараас бий болсон хэт таргалалтын асуудлыг уншигч миний хувьд ч бас туулаад явж байгаагийн хувьд энэ бичилт бүр үнэн болохыг өөрөөрөө баталсан ч болмоор ойрхон санагдлаа. Энэ таргалалтын асуудал олон Монгол хүний асуудал болж байгаа нь үнэн. Мэдэхгүй ээ, одоо ч энэ асуудалтай нүүр тулсан ярилцлага хийгээд Алхалт, Сахар тэргүүтэй олон л ном уншихаараа л нэг болж байна. Жак гуайгаас арай залуу байсан болж таарах нь тэртээ 30 нас хүрдэг хавар тасралтгүй 3 сар фитнес, аеробикт явж байж 87кг-аас 74кг болж өөрийн байх ёстой жиндээ очиж байсан үе санаанд буулаа. Гэхдээ тэр үед энд бичсэн шиг хоолондоо анхаарах талаар огт ойлголтгүй байсан, дээрээс нь ачааллаа буруу хуваарилснаас зүүн хөлийн өвдгөндөө бэртэл авч миний мандан бадралын түүх төгссөн дөө. Энэ явдал есөн жилийн тэртээ болсон. Одоо гэтэл эргээд бүр есийн тоонд тулаад очсон байх юм.
Хэвтэж буй хүн миний дотор унтаж буй арван таван толгойтой атгаалжин хар мангасыг нэгэнт сэрээлээ. Иймийн тул би бээр 16/8 гэх хоолны дүрмийг баримтлахын сацуу, алхалтын гайхамшгийг өөртөө хэрэгжүүлэхээр урам зориг нэгэнт орсон бөлгөө. Өөрийн энэхэн амьдралын дараагийн арван жилд шилжихэд хагас жилийн хугацаа үлдсэн бөгөөд энэхүү хугацаандаа дээрх 14кг-ын учрыг олох даалгаврыг өөрийн бие махбод хийгээд сэтгэл зүйд өгч байна.
“Монгол хүмүүс Хятад хэл сурсны хэрэггүй дээ, хүүхдүүдээ багаас нь Хятад сургуульд өгч дэмий. Тэгэх тусам л хил хязгааргүй далай шиг энэ улсад улам уусан шингэж өөрсдийн гэсэн хэл соёл үнэт зүйлсээ алдах болно.”
Хэвтэж буй хүний өгөх гэсэн гол мессеж нь уншигч миний бодлоор: Хүн их бага нь хамаагүй урдаа зорилго, хүсэл мөрөөдөлтэй байж түүндээ хүрэх болон хүрээгүй байсан ч хүрэхээр явж буй тэр нугачаа нь хүнийг дараа дараагийн энэ амьдралын утга агуулга руу чиглүүлдэг байж болох юм. Тэр даваа нугачааны нийлбэрүүд нь хоорондоо холбогдож нэг бүхэл болох ч байж болно. Ингээд бодохлоор энэ бүхнийг ЭМО-чууд л өөдрөг даван туулж мэдэх юм. Эмо үүрд!